Дүрэм шинэчлэн батлах тухай

 

2016 оны 10 сарын 27 өдөр                                        дугаар А/756                                                 Улаанбаатар хот

 

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь: 
 
1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг -Нийслэлийн Архивын газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Дүрэм, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/629 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ  С.БАТБОЛД 
 

Нийслэлийн  Засаг  даргын  2016 оны
10 дугаар сарын 27-ны өдрийн
А/756 дугаар захирамжийн  хавсралт

 

 

 

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРЫН ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийслэлийн Архивын газар (цаашид "Газар гэх") нь Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зориултуудыг хэрэгжүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндсэн үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мөн.

 

1.2. Газар нь үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Архивын тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын шийдвэр, энэ дүрмийг мөрдөж ажиллана.

1.3. Газар үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4.2-т заасан төрийн албанд баримтлах үндсэн зарчмуудаас гадна төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод мэргэшсэн байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтална.

 

1.4. Газар үйл ажиллагааныхаа явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцаж, тайлагнана..

 

1.5. Газар зохих журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд Төрийн сан банкинд харилцах данстай байна..

  

Хоёр. Газрын удирдлага, зохион байгуулалт, бүтэц

 

2.1. Газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг Нийслэлийн Засаг дарга тогтооно.

 

2.2. Газрын даргыг Нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө. Газрын даргын түр эзгүйд түүний үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох асуудлыг Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам"-д заасны дагуу шийдвэрлэнэ.

 

2.3. Газар үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллах бөгөөд төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга батална.

 

2.4. Газрын дарга дэргэдээ байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар түүнд зөвлөх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Зөвлөл байгуулан ажиллуулж болно.Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Газрын дарга батална.

 

2.5. Газрын дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

2.5.1. батлагдсан бүтэц, орон тоо болон хуулиар тогтоосон эрх, хэмжээний хүрээнд ажилтнуудыг томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах;

 

2.5.2. холбогдох хууль тогтоомжийн дагуу байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг баталж, ажилтнуудын цалин хөлс, урамшууллын хэмжээг тогтоох;

 

2.5.3. хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах, заавар, дүрэм, журам баталж мөрдүүлэх;

 

2.5.4. орлогч дарга болон хэлтсийн дарга, албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах;

 

2.5.5. архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал боловсруулж удирдах дээд байгууллага, албан тушаалтанд танилцуулах;

 

2.5.6. Газрын үйл ажиллагааг хэвийн явуулах ажлын байрны чиг үүргийг давхардал, хийдлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулах, боловсронгуй болгох арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд холбогдох саналаа Нийслэлийн Засаг дарга, холбогдох бусад байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

 

2.5.7. сахидга дэр журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ажилтнуудын ажлын цаг ашиглалт, эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хамгаалалтад хяналт тавьж, зөрчил, дутагдлыг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллах;

 

2.5.8. ажилтнуудын нийгмийн асуудлыг хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журмын дагуу шийдвэрлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх арга хэмжээ авч ажиллах;

2.5.9. Нийслэлийн Засаг даргаас шилжүүлсэн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

 

2.5.10. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

 

2.6. Газрын дарга, албан хаагчид Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагатай Нийслэлийн Засаг даргаар дамжуулан харилцана.

 

2.7. Газрын дарга хууль тогтоомж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамж, үүрэг даалгавар, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийн явц, үр дүнг тогтоосон хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тайлагнаж ажиллана.

 

2.8. Газарт нийслэлийн хэмжээнд архивын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт үүрэг архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч ажиллана. Улсын байцаагч нь тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

 

2.9. Газрын дэргэд нийслэлийн архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх үндсэн болон боломжит эх үүсвэрийг тогтоох, төрийн архивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл, лавлагааны ач холбогдол бүхий баримтаар баяжуулах, архивын үйл ажиллагаанд хөтлөх тоо бүртгэлийн баримт бичгүүдийг хэлэлцэх, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус арга зүйн комисс ажиллана. Комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг Нийслэлийн Засаг дарга батална.

 

Гурав. Газрын үндсэн чиг үүрэг.

 

3.1. Газар дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.1.1. нийслэлийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавих илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах;

 

3.1.2. төрийн архиваас үзүүлэх үйлчилгээг боловсррнгуй болгож нэр төрлийг нэмэгдүүлэх ажлыг зохон байгуулах;

 

3.1.3. төрийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх мэдээллийн аюулгүйн байдлыг хангах, цахим мэдээллийн нэгдсэн санг баяжуулах, лавлагаа, үйлчилгээнд ашиглах арга хэмжээ авах;

 

3.1.4. архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тоон гарын үсэг, технологийын дэвшилтэт систем нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

 

3.1.5. нийслэлийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал боловсруулж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохио байгуулах;

 

3.1.6. нийслэлийн хэмжээнд барим бичгийн урсгалын нэгдсэн тогтолцоог хангаж, хэрэглэгчийн хандах эрхийн түвшинг тогтоох, хэрэгжилтэнд нь хяналт тавьж, үр дүнг тайлагнах;

 

3.1.7. төри йн архивын үндсэн үйл ажиллагааг дүүргийн архивын нэгжээр гүйцэтгүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллах;

 

3.1.8. нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг архив хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургаж, дадлагажуулах, мэргэжлийн болон давтан сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах;

 

3.1.9. архивын баримтын хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөлийг бүрдүүлэх;

 

3.1.10. архивын сан хөмрөгийн түүх, эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий хосгүй үнэт баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийлэх ажлыг зохион байгуулах;

 

3.1.11. нөхөн бүрдүүлэлтийн эх үүсвэрийн жагсаалтад орсон бөгөөд хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны явцад үүссэн баримтын хамаарлыг судалж, хуулийн хугацаанд бүрдүүлэлт, нягтлан шалгалт болон дахин боловсруулалт хийх, тоо бүртгэл хөтлөх;

 

3.1.12. төрийн архивын програм хангамжийн ашиглалтын хүрээнд хүлээж авсан эх код, зохиогчийн эрхийг эзэмших, найдвартай хадгалах, хамгаалах, ашиглах;

 

3.1.13. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох бусад байгууллагад эрхэлсэн асуудлын чиглэлэээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж холбогдох мэдээллийг шуурхай гаргаж өгөх;

 

3.1.14. гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах;

 

3.1.15. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

 

Дөрөв. Хариуцлага.

 

4.1. Энэ дүрмийг зөрчсөн буруутай этгээдэд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

Тав. Бусад зүйл.

 

5.1. Энэ дүрмийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

 

5.2. Энэ дүрэмд Нийслэлийн Засаг даргын захирамжаар нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр улсын бүртгэлд бүртгүүлнэ.

 

 

 

 


 

Үнэлэх
(3 үнэлгээ)

Мэдээг нийтэлсэн

Захиргааны алба

Холбоо барих: 11-323624

Цахим хаяг: archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Шинэ мэдээ

Түнш байгууллагууд