Товч танилцуулга

06 XI сар 2014
836 үзсэн
Нийслэлийн Архивын газар нь төрөөс архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих, нутгийн захиргааны болон  нийслэлийн өмчит байгууллагуудын архивын баримтаар сан хөмрөгөө нөхөн баяжуулж, тэдгээрийг найдвартай хадгалж хамгаалах, архивын мэдээллээр байгууллага, иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий  “Нийслэлийн нутгийн захиргааны  байгууллага”, төрийн архив юм. 
 
Байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:
  • Архивын баримтын хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцлийг бүрдүүлэх.
  • Архивын сан хөмрөгийг түүх эрдэм шинжилгээний ач холбогдол бүхий хосгүй үнэт, үнэт баримтаар нөхөн бүрдүүлэх, дахин боловсруулалт, нягтлан шалгалт хийх.
  • Төрийн архивын баримтын ашиглалтын хэлбэрийг боловсронгуй болгож, нийгмийн хэрэгцээнд өргөнөөр ашиглуулах
  • Төрийн архивын мэдээлэл эрэлт хайлтын системийг төгөлдөржүүлэн цахим мэдээллийн тогтолцоог бий болгох
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, гүйцэтгэлд хяналт тавих
  • Төрийн албаны  манлайллыг  хэрэгжүүлж, мэргэшсэн  чадварлаг  баг  бүрдүүлэх,
НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН АЛБА БАЙГУУЛАГДСАН НЬ
 

1998.08.20 - Нийслэлийн Засаг даргын 1998 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар Засаг даргын шууд удирдлаган дор Нийслэлийн Архивын албыг байгуулав.   
 
 
2005.01.16 - Монгол Улсын Засгийн Газрын 15 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Архивын газар” болж өргөжив.


Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 926 дугаар захирамжаар Нийслэлийн Архивын газар нь 3 хэлтэс, 20 орон тоотой болж Төлөвлөлт, арга зүйн хэлтэс, Гүйцэтгэл үйл ажиллагааны хэлтэс, Мэдээлэл технологийн тасгууд шинээр байгуулагдан хэлтэс, тасгийн зохион байгуулалттай болсон.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/629 дүгээр захирамжаар Нийслэлийн Архивын газрын бүтэц орон тоо, дүрмийг шинэчлэн баталж, 4 хэлтэс, 28 хүртэлх орон тоотой шийдвэрлэсэн байна. Лавлагаа, үйлчилгээний хэлтэс шинээр байгуулагдсан.
 
 
Танилцуулга
Төрөөс архивын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, архивын үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд мэргэжлийн талаар удирдан зохицуулах чиг үүргийг Нийслэлийн архивын Газар хэрэгжүүлнэ.
Нийслэлийн Архивын Газар нь байгууллагын болон дүүргийн, төрийн бусад архивыг мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөмжөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавина. Монгол Улсын Төрийн архивын сан хөмрөгийн баримтыг байнга хадгалах эрхтэй байна.

Нийслэлийн архив нь хөмрөг үүсгэгч нийслэлийн нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага, өмчийн оролцоотой болон өмчит үйлдвэрийн газар зэрэг 312 хөмрөг, 19 хувийн хөмрөгийн баримтыг хадгалдаг. Хөмрөг үүсгэгч байгууллагыг зэрэглэлээр нь авч үзвэл:

·         1 дүгээр зэрэглэлийн хөмрөг үүсгэгч 60,

·         2 дугаар зэрэглэлийн хөмрөг үүсгэгч 71,

·         3 дугаар зэрэглэлийн хөмрөг үүсгэгч 143,

·         4 дүгээр  зэрэглэлийн хөмрөг үүсгэгч 31,

·         5 дугаар зэрэглэлийн хөмрөг үүсгэгч 7 байна.

Баримтын хувьд:

·  Байнга хадгалах 102120 хадгаламжийн нэгж ,

·  Хосгүй үнэт, нэн үнэт 62 хадгаламжийн нэгж, 

·  Түр хадгалах 54126 хадгаламжийн нэгж,

·  70 жил хадгалах 3870 хадгаламжийн нэгж,

·  Тусгай төрлийн 1844 хадгаламжийн нэгж зэрэг  1924-2017 оны үндсэн 312

хөмрөгийн162,022 хадгаламжийн нэгж, хувийн гаралтай 19 хөмрөгийн 1953-2012 оны   789 хадгаламжийн нэгж тус тус хадгалагдаж байна.

 

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг арга зүйгээр хангаж, хянаж шалгах ажлын хүрээнд хийгдэж буй ажлуудаас дурьдвал:

1. Үзүүлэх ажил 
2. Сургалт семинар 
3. Ажил мэргэжлийн уралдаан 
4. Онол практикийн бага хурал 
5. Заавар зөвлөгөө 
6. Хяналт шалгалт зэрэг болно. 

Өнөөгийн байдлаар тус архивт:

Нийслэлийн Архивын газрын сан хөмрөгт: 
Нийслэлийн нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага, өмчийн оролцоотой болон өмчит үйлдвэрийн газрын 1935-2008 оны 59391 баримт хадгалагдаж байна. Үүнд: 
- Байнга хадгалах 40914 хадгаламжийн нэгж 
- Түр хадгалах 13940 хадгаламжийн нэгж
- 70-н жил хадгалах 4537 хадгаламжийн нэгж 
- Тусгай төрлийн буюу гэрэл зураг, дүрс бичлэг, дуу авианы 5 хөмрөгийн 87 баримт
- Хувийн гаралтай баримтаар хөмрөг үүсгэсэн 13 иргэний 460 баримт
- Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1920-2006 оны баримт 
- Хороодын 1924-1965 он, Хотын 4 районы 28 хорооны баримт 
- Хувьчлагдсан 35 хөмрөгийн буюу 59 байгууллагын 9174 байнга, түр, 70-н жилийн баримт 
- Татан буугдсан 79 хөмрөгийн 79 байгууллагын 11546 байнга, түр, 70-н жил хадгалах баримт
- Нэн үнэт, нууц, нөөц хөмрөгийн баримтуудыг хадгалж хамгаалж байна.

 
Түүхэн замнал
1957 онд гаргасан МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолын дагуу Улаанбаатар хотын Хөдөлмөрчин депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны шийдвэр гарч “Улаанбаатар хотын архив”-ыг 1958 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулж, архивын эрхлэгчээр Донгиноровын Балжиннямыг, фондчоор Зодовын Баатар нарыг томилон ажиллуулснаар МУ-д анх хотын архив үүссэн гэж үздэг. Үүнээс хойш үйл ажиллагаа нь улам өргөжин тэлж, нийгэмд асар их үүрэг роль гүйцэтгэсээр иржээ.
Ардчилал шинэчлэлийн жилүүдэд Төрийн архивын тогтолцоог боловсронгуй болгох стратегийн хүрээнд 1996 оны эцсээр ҮАГ-г Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагын хэлбэрээр шинэчлэн байгуулж, түүний харъяа төв архивуудад бүтцийн өөрчлөлт хийсэн байна. 

МУ-н Засгийн газраас 1998 онд “Төрийн архивын харъяаллын тухай” тогтоол гаргахдаа “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн Газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд “Архивын алба нэмсүгэй” гэж заасан байна. Улмаар МУ-н Нийслэлийн Засаг дарга 1998 оны 08 дугаар сарын 20-ны өдөр А/184 дүгээр захирамж гаргаж “Нийслэлийн Архивын алба”-ыг байгуулан архивын статус чиглэлээр ажиллах болсоноор Хотын архив нь хуулийн хүрээнд Засаг даргын шууд удирдлаган дор бие даасан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Улмаар 1999 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллах болсон байна. Архивын алба нь Албаны дарга, архивч, фондоч гэсэн 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ба “алба” болсон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулж тус архивын дэргэд ажиллаж байсан “Гэрээт ажлын хэсэг”-г 1999 онд татан буулгажээ. 
Энэхүү цаг үед салбарын хүрээнд гарсан нэг том алхам нь архивын үйл ажиллагааны эрх зүйн харилцааг боловсронгуй болгоход онцлон анхаарч, зорилтын хүрээнд “Архивын тухай хууль”-ийг баталж мөрдүүлсэн явдал байлаа. Архивын тухай хууль батлагдан гарсанаар төрийн архивын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, үндэсний архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, ашиглалттай холбогдсон эрх зүйн харилцааг өнөөгийн зорилт шаардлагад нийцүүлэн зохицуулах эрх зүйн найдвартай үндэс тавигдсан байна. 

Хуулийн хүрээнд салбарын бодлогыг хэрэгжүүлэгч Үндэсний архивын газраас архивын холбогдолтой эрх зүйн актуудыг шинэчлэх зорилт тавигдаж, төрийн архив, байгууллагын архивын зааврыг шинээр баталж мөрдүүлэх, удирдлагын баримт бичгийн нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт боловсруулах зэрэг ажлууд хийгдсэн байна. Энэ нь Төрийн архивуудад цаашдын бодлого, зорилтоо тодорхойлох болон тэдгээртэй нийцүүлэн орон нутгийн хэмжээнд болон дотооддоо мөрдөх дүрэм, журам эрх зүйн актыг боловсруулж үйл ажиллагаагаа тогтмолжуулах эрх зүйн үндэс тодорхой болсон байна. Архивын алба нь “Архивын тухай хууль, “Төрийн архивын ажлын үндсэн заавар”-г үндэс болгож “Албаны дүрэм”-ээ боловсруулж батлуулах, улмаар “Байгууллагын дотоод журам”, “Архивын баримтыг ашиглуулах журам”, “Сан хөмрөгийн дүрэм”, “Сан хөмрөгөөс лавлагаа мэдээлэл олгох журам” зэрэг эрх зүйн актуудыг боловсруулж үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах болжээ. Архивын алба нь Нийслэлийн Засаг даргын өмнө дүрмээр хүлээсэн үүрэг болон “Архивын тухай” хуулинд заагдсан ажил үүргүүдийг ханган биелүүлэх ажлын хүрээнд 1999 оноос дараах бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллах болсон байна. Үүнд:
  • Албаны дарга
  • Ахлах архивч, эрдэм шинжилгээний ажилтан
  • Фондчин-2
  • Архивч сэлбэн засагч-2
  • Бичээч операторч гэсэн нийт 7 орон тоотойгоор ажиллаж эхэлсэн байна.
Нийгмийн амьдралд төрийн захиргааны байгууллагуудын үүрэг нэмэгдэхийн хирээр архивын баримтыг төвлөрүүлэн хадгалж хамгаалах, архивын баримтаар иргэд байгууллагад үйлчилгээ үзүүлэх Архивын байгууллагын үүрэг роль өсөн нэмэгдэж буй тэрхүү хэрэгцээ шаардлагын үүднээс Монгол улсын Засгийн Газрын 2005 оны 15 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 22 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Архивын алба нь “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газар” болж өргөжин зохион байгуулагдсан ба 10 хүний орон тоотойгоор ажиллах болсон байна. Нийслэлийн Архивын газар нь Монгол улсын “Архивын тухай” хууль, Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны дүрэм болон Нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтыг биелүүлэх зорилтын хүрээнд Төрийн архивын нөхөн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, тоо бүртгэл, лавлагаа мэдээлэл, сан хөмрөг үүсгэгч байгууллагуудын мэргэжил арга зүйн удирдлага, хяналт шалгалт, тогтоол шийдвэрийн биелэлт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн мөрөөр зохиох ажил зэрэг чиглэлээр ажиллаж иржээ. 

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 14 дүгээр захирамжаар 12 орон тоо батлагдсан ба /удирдлага-1, гүйцэтгэх ажилтан-11/ дотоод зохион байгуулалтын хүрээнд 2 баг болон үйл ажиллагааг явуулж байна.
Үнэлэх
(0 үнэлгээ)

Мэдээг нийтэлсэн

Нийслэлийн Архивын газар

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Архивын газар

Цахим хаяг: www.archive.ulaanbaatar.mn

Сэтгэгдлүүд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд archive.ub.gov.mn хариуцлага хүлээхгүй.

Хаяг, адресс:
Улаанбаатар хот - 15170, 
Чингэлтэй дүүрэг, 
4-р хороо, 
Ж.Самбуугийн гудамж, 
Нийслэлийн Засаг Захиргааны 3-р байр, 
Өрөө: 101, 501, 502, 503.
Имэйл: info@archive.ulaanbaatar.mn
Утас: (976-11) 324223,
Гар утасны дугаар: 11-315066
download https://twitter.com/archiveub

Их уншсан мэдээ

Түнш байгууллагууд